Уг оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг 2006 оноос хойш 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрт тавигдсан болзол ёсоор мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын дотоодын их дээд сургуулиудад 2 буюу 3 дугаар ангид дэвшин суралцаж байгаа, сурлагын голч дүн нь тухайн сургуулийн үнэлгээний 85-аас дээш хувийг хангасан, тухайн оюутны ар гэрийн нөхцөл байдал, үндэсний болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд гаргасан амжилт зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулан нийт 19 оюутанд тэтгэлгийг олгох болжээ.
Өмнө нь уг тэтгэлгийг давхардсан тоогоор 46 оюутанд олгож байсан бөгөөд энэ оны 10 дугаар сард тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх үүднээс нэмж зарласан юм. Хөтөлбөрийн дүнг шалгаруулах явцад зохион байгуулагч талууд зөвшилцөөд сурлага сайтай, өнчин 3 оюутныг нэмж хамруулан, нийт 19 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болсон юм.
Тэтгэлгийн үйл ажиллагааг “”АЙ СИ ТИ” хүний нөөцийн хөгжлийн сан зохион байгуулж байгаа бөгөөд цаашид мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр олон төрлийн ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тус сангийн зүгээс шалгарсан оюутнуудтай гэрээ байгуулж ажиллах бөгөөд гэрээний дагуу оюутнууд хичээлийн жилийн улирал бүр өөрийн сурлагын амжилт, олон нийтийн ажилд оролцсон байдал, улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд хэрхэн оролцсон тухайгаа санд тайлагнана. Үүний үндсэн дээр оюутнуудын амжилтыг дүгнэж, цаашид тэтгэлэгт хамрагдан амжилттай сайн суралцаж төгссөн оюутнуудыг ажлын байраар хангахад анхаарч ажиллахаар боллоо.
No comments:
Post a Comment