Мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр манай улсад нийт 43 (Үүнээс Улаанбаатар хотод 33 сургууль, 9 аймагт нийт 10 сургууль) их, дээд сургууль, коллежд дараах мэргэжлүүдээр (ихэвчлэн) бакалавраас дээш зэрэгтэй инженер, мэргэжилтэн бэлтгэж байна.
- Мэдээллийн системийн удирдлага
- Компьютерийн програм хангамж
- Компьютерийн техник хангамж
- Мэдээллийн технологи
- Компьютерийн график дизайн
- Холимог (гадаад хэл эсвэл математиктай хосолсон, салбарын мэдээлэл зүй)
Эдгээрээс гадна мэдээлэл зүйн багш бэлтгэдэг бөгөөд мэргэжлийн сургуулиудад (сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд) програм зохиогч буюу кодлогч, вэб дизайнер зэрэг мэргэжилтэй ажилчинг 2 жилийн хугацаанд бэлтгэж байгаа билээ.
Жич: Зураг дээр дарж томруулан үзнэ үү.
Хүснэгт 1. Улаанбаатар хотод байрлах төрийн өмчийн их, дээд сургууль, коллеж

Хүснэгт 2. Улаанбаатар хотод байрлах хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллеж
Хүснэгт 3. Хөдөө орон нутагт байрлах их, дээд сургууль, коллеж
Хүснэгт 4. Улаанбаатар хотод байрлах мэргэжлийн сургууль
Монголын их, дээд сургуулиудад бэлтгэж байгаа компьютерийн ухааны чиглэлийн мэргэжил, тэдгээрийн онцлог, тухайн мэргэжлийг эзэмшсэнээр ажиллаж болох албан тушаал, хариуцах ажил үүргийн талаарх товч мэдээллийг дор хүргэе.
“МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН УДИРДЛАГА /МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”
Мэргэжлийн зориулалт. Бүх салбарын байгууллагуудад мэдээллийн системийн менежер, төслийн менежер болон системийн шинжээч, мэдээллийн сан, сүлжээний администратор зэрэг албан тушаалд ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Мэдээллийн системд аливаа аж ахуйн нэгж, байгууллага өөрийн зорилгоо тодорхойлох, зорилгодоо хүрэхэд компьютерийн системийн тусламжтайгаар мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх чиглэлийн бүх үйл ажиллагааг хамааруулж ойлгоно. Мөн тухайн байгууллага мэдээллийн технологийг хэрэглэн үйл ажиллагаагаа явуулах, сайжруулах явцыг хамааруулна.
Мэдээллийн системийн менежер нь байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, хэрэглэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд бизнес төлөвлөгөө боловсруулахаас эхлээд сүлжээний аюулгүй байдалд хяналт тавих, интернэтийн ажиллагааг удирдах хүртэл төрөл бүрийн ажлыг хийдэг. Мэдээллийн системийн менежер нь технологийн төдийгүй бизнесийн удирдлагын мэдлэгтэй байх ёстой бөгөөд байгууллагынхаа компьютертэй холбоотой бүхий л үйл ажиллагааг төлөвлөх, зохицуулах, удирдах ажлыг гүйцэтгэнэ. Тэд дээд удирдлагатайгаа зөвлөлдөн техникийн болон бизнесийн зорилгуудыг тодорхойлох ба эдгээр зорилгуудыг биелүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг гаргахад дэмжлэг үзүүлнэ.
Мэдээллийн системийн менежер нь техник ба програм хангамж, програмчлал ба системийн дизайн, компьютерийн сүлжээ, интернэт, интранэтийн ажлуудыг төлөвлөх, зохицуулж удирдах ба сүлжээний засвар үйлчилгээ, арчилгаа болон нууцлал, аюулгүй байдалд илүү ихээр оролцоно. Тэд байгууллагынхаа үйл ажиллагааны болон стратегийн хэтийн төлөвтэй уялдуулан компьютер болон мэдээллийн хэрэгцээ шаардлагыг судлах, төлөвлөх, мэдээллийн технологийн мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлуудыг гүйцэтгэнэ. Мэдээллийн системийн менежер нь системийн шинжээч, програм зохиогч, техникийн ажилтан болон бусад компьютертай холбоотой ажилтнуудыг удирдан ажиллах бөгөөд техник, технологийн хэрэглээгээр байгууллагаа өрсөлдөгчдөөс хоцруулахгүй байлгах асуудлыг хариуцна.
Мэдээллийн системийн мэргэжилтнүүдийг ихэвчлэн бизнес, удирдлагын сургуулиудад бэлтгэдэг бөгөөд мэдээллийн системийн удирдлага, мэдээллийн систем, компьютерийн удирдлагатай систем зэрэг өөр өөр нэртэй байдаг. Мэдээллийн системийн бүх мэргэжлүүд нь бизнесийн болон компьютерийн хичээлүүдийг хослуулан үзнэ.
"КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАМ ХАНГАМЖ"
Мэргэжлийн зориулалт. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн компани болон бусад байгууллага, компанид програм хангамжийн инженерээр ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Програм хангамжийн инженер нь хэрэглэгчийн шаардлага, хүсэлтийг хангах, цаашид хөгжүүлэх болон засварлах боломжтой найдвартай, үр дүнтэй ажиллагаатай програм хангамжийн системийг зохиох, хөгжүүлэх, арчлах ажлыг гүйцэтгэдэг.
Програм хангамжийн инженер нь компьютерийн тоглоом, бизнесийн хэрэглээний програмууд, үйлдлийн систем болон сүлжээний хуваарилалт, компайлер/машины хэлэнд хөрвүүлэгч/ зэрэг олон төрлийн програм хангамжийг зохиох, хөгжүүлэх ажиллагаанд оролцож болно.
Програм хангамжийн инженерийг хэрэглээний болон системийн програм хангамжийн инженер гэж ангилна. Системийн програм хангамжийн инженер багц систем, системийн програм хангамжийг/үйлдлийн систем/ хөгжүүлэх ажлыг хийдэг. Хэрэглээний програм хангамжийн инженер нь хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг судлан, хэрэглээний програм хангамж (данс, бүртгэл гэх мэт) эсвэл тусгайлсан програмуудыг зохиох, турших, хөгжүүлэх ажлуудыг гүйцэтгэдэг. Энэ явцад тэд компьютерийн юу хийхийг зааж өгдөг алгоритм гэж нэрлэгдэх нарийвчилсан зааварчилгааны бүрдлийг зохиох, энэ зааварчилгааг компьютерийн хэлээр илэрхийлэх програмчлал буюу кодчлолын ажлыг хийнэ. Гэхдээ кодчлолыг ихэвчлэн програм зохиогч /заавал бакалаврын зэрэгтэй байх албагүй/ хариуцан гүйцэтгэдэг.
Програм хангамжийн инженер ажиллаж байгаа байгууллагын ажил үүргийн хувиараас хамааран компьютерийн системүүдийг байгуулах, засварлах болон өргөтгөх ажиллагааг зохицуулж болно. Тухайн байгууллагын нэгж бүрийн компьютерийн хэрэгцээ, шаардлага (жишээлбэл, захиалга, данс бүртгэл, төлбөр тооцоо, цалингийн бүртгэл хийх)-ыг зохицуулан техникийн чиглэлийн талаар зөвлөгөө өгдөг. Мөн байгууллагын компьютерийн дотоод сүлжээг байгуулан нэгж хоорондын ажиллагааг шуурхай, хялбар болгох ажлыг ч хийж болно. Тэдний ажил үүрэг нь ажилтны чадвар, дадлага туршлагаас гадна технологийн өөрчлөлтүүдийг тусган өөрчлөгдөж болно.
Компьютерийн програм хангамжийн инженер нь компьютерийн технологийн хурдацтай өөрчлөлттэй холбоотойгоор байнга шинэ технологи, хандлагуудыг судалж мэдлэгээ дээшлүүлж байх шаардлагатай.
Програм хангамжийн инженерийн сургалтын хөтөлбөрт програмчлалын үндэс, компьютерийн ухааны үндсэн онол, төслийн багийн ажиллагааны дадлагын хичээлүүд багтдаг. Програм хангамжийн инженерээр сурч байгаа оюутнууд програм хангамжтай холбоотой загварчлал ба шинжилгээний асуудал, програм хангамжийн зохиомж, хяналт болон баталгаажуулалт, програм хангамжийн чанар, ажиллагаа, програм хангамжийн удирдлага гэх мэт хичээлүүдийг голлон үзнэ.
“КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК”
Мэргэжлийн зориулалт. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн компани болон бусад салбарын байгууллага, компанид техник хангамжийн инженер, мэргэжилтнээр ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Компьютерийн техник хангамжийн инженер нь компьютерийн техник хангамжийн үйлдвэрлэл, угсралтыг шинжлэх, зохиомжлох, хөгжүүлэх, турших, хянах ажиллагаануудыг гүйцэтгэдэг. Техник хангамжид компьютерийн чип, эх хавтан, компьютерийн систем болон гар, модем, хэвлэгч зэрэг холбогдох төхөөрөмжүүд орно. Компьютерийн техник хангамжийн ажил нь схем шийдэл болон бусад электрон хэсгүүдийг зохиомжилж туршдагаараа электроникийн инженертэй төстэй. Компьютерийн техник хангамжийн инженер нь энэ ажлыг зөвхөн компьютер, түүний дагалдах хэрэгсэлтэй холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
Манай улсад техник хангамжийн инженерүүд нь компьютер, түүнтэй холбогдох төхөөрөмжүүдийг угсрах, засвар үйлчилгээ,техникийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлуудыг гүйцэтгэж байна..
Сүлжээ ба компьютерийн системийн админстратор нь бүх төрлийн байгууллагын компьютерийн системийн сүлжээг зохион байгуулах, угсрах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Тэд байгууллагын интернэт, интранэт, дотоод сүлжээ зэргийн ажиллагааг хариуцах бөгөөд сүлжээний техник ба програм хангамжийг арчлах, гэмтлийг шинжлэн засварлах, сүлжээний найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах ажлуудыг хийдэг.
Техник хангамжийн чиглэлийн мэргэжилтнүүд нь технологийн хурдацтай өөрчлөлттэй холбоотойгоор мэдлэг, чадвараа байнга дээшлүүлж байх шаардлагатай
“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ”
Мэргэжлийн зориулалт. Бүх чиглэлийн байгууллага, компанид мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Мэдээллийн технологи нь ерөнхий утгаараа компьютертай холбоотой бүх зүйлийг хамаарна. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд нь ямар нэг байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэцийн тухай мэдлэг, практик чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Тэд байгууллагын үйл ажиллагаанд тохирох техник ба програм хангамжийг сонгох, нэгтгэх, суурилуулах, өөрчлөх, засварлах, арчлах, нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, байгууллагын компьютер хэрэглэдэг хүмүүсийн ажлын үр дүнтэй орчинг бүрдүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг.
Байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтцийг байгуулах, удирдах нь олон талын хүчин зүйл шаардагдсан, төвөгтэй ажил байдаг бөгөөд компьютерийн технологийн маш сайн мэдлэг, өндөр ур чадвар болон удирдлагын дэмжлэг шаардлагатай байдаг.
Компьютерийн инженерийн чиглэлээр суралцагчид тоон техник ба програм хангамжийн системүүд, харилцаа холбооны систем, компьютер ба түүний бүрэлдхүүн хэсгүүдийг зохиомжлоход суралцана.
"КОМПЬЮТЕР ГРАФИК ДИЗАЙН"
Мэргэжлийн зориулалт. Телевиз, видео продакшн, зар сурталчилгааны агентлаг, хэвлэл мэдээлэл, вэб програмчлалын чиглэлийн болон бусад байгууллагуудад график дизайнер, 2 ба 3 хэмжээст хөдөлгөөн оруулагч, хэвлэлийн дизайнер, вэб дизайнер, мультимедиа бүтээгч, видео тоглоомын дизайнер гэх мэт албан тушаалуудад ажиллах эсвэл хувиараа ажиллах зориулалтаар бэлтгэгдэнэ.
Компьютерийн график нь компьютерийн ухааны дэд салбар бөгөөд хийсвэр агуулгыг нэгтгэх, удирдан жолоодох аргуудыг судалдаг. Компьютер график дизайны сургалтаар тооцооллын техникүүдийг ашиглан хийсвэр болон геометрийн мэдээллийг удирдах, дүрс бүтээх, боловсруулах математик ба тооцооллын үндэслэлүүдийг судална.
График зохиогч нар формат, зохиомжийн элементийг бүтээх болон хөдөлгөөнт графикийг хийхэд туслах компьютерийн тусгай програм хангамжийн багцуудыг хэрэглэх бөгөөд уран сайхны өндөр мэдрэмжийг компьютерийн технологитой хослуулан ажиллах шаардлагатай болдог. График зохиогч буюу график бүтээгч нь дүрслэлт шийдэл төлөвлөх, судлах, бүтээх ажлуудыг гүйцэтгэх бөгөөд тухайн загвар, бүтээлийн зорилтот зах зээл буюу олон нийтэд хандсан танин мэдэхүйн, урлаг соёлын, биеийн хүчний, нийгмийн хүчин зүйлүүдийг тооцож үзэх хэрэгтэй. График зохиогч шинэ загвар бүтээхдээ захиалагчийн хүсэл, хэрэгцээг тодорхойлон загварын хар зургийг гараар эсвэл компьютерийн тусламжтайгаар гаргасны дараа өнгө, дуу, чимэглэл, хөдөлгөөн, хэв маяг болон дизайны бусад элементүүдийг сонгох, зохицуулах ажлуудыг гүйцэтгэдэг. Үүнийхээ дараа захиалагчийн хүсэлтээр дахин шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах, эцсийн хувилбарыг хянах ажлуудыг хийнэ. Тэд захиалагчид тухайн загварыг хэрэглэх, үйлдвэрлэхэд зөвлөгөө өгч болно. Тухайлбал хэвлэлийн дизайнд хэвлэгч машины төрөл, цаас, будгийн төрөл гэх мэт.
Компьютер график дизайн мэргэжлээр суралцагчид нь хийсвэр сэтгэлгээтэй, уран сайхны мэдрэмжтэй байх хэрэгтэй бөгөөд электрон хэвлэл, зураг чимэглэл, загварчлал, хөдөлгөөн ба инженерийн зураг төсөл зэрэгт дижитал технологийг хэрэглэх сонирхолтой байвал зохино.
Компьютерийн график нь олон талтайгаас шалтгаалан сургалт нь сургуулийн компьютерийн ухааны тэнхим, компьютер графикийн тэнхим болон урлагийн тэнхимийн аль нэгэнд харъяалагдана. Компьютер графикийн суурь онолын мэдлэг эзэмшиж улмаар өндөр хурдтай хөгжиж байгаа компьютер графикийн аливаа хэрэгслийг бие дааж амархан эзэмших чадвартай байх шаардлагатай.
ХОСОЛСОН БУЮУ ХОЛИМОГ МЭРГЭЖИЛ
Компьютер, тооцоолол нь шинжлэх ухаан, эдийн засгийн бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэх болсон өнөө үед зарим сургуулиуд компьютерийн ухааныг бусад шинжлэх ухаантай хослуулан сургах буюу хос мэргэжилтэнг бэлтгэж байна. Үүнд:
- Компьютер-гадаад хэл /англи, солонгос хэлний орчуулагч/
- Математик-програм хангамж
- Нягтлан бодох бүртгэл-мэдээлэл зүй
- Эрүүл мэндийн мэдээлэл зүй
- Эдийн засгийн мэдээлэл зүй зэрэг орно.
Мэдээллийн эх сурвалж: МТҮП
No comments:
Post a Comment