Монгол Улсын Ерөнхий сайдын 2008 оны 46 тоот захирамжаар батлагдсан “Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам”-ын дагуу ирэх сарын 3-ны өдрөөс эхлэн 1400 мэргэжилтэнг сургалтад бүртгэх гэнэ. Энэхүү сургалтын хөтөлбөрийн гол зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологид тулгуурлан гадаад аутсорсингоор ажиллах өндөр төвшний хүний нөөцийг бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх юм байна.
2007 онд Улсын их хурлаас аутсорсингийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөн 2008 онд Засгийн газар санхүүжүүлэхээр болж хоёр тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан аж. Аутсорсинг нь өөрсдөө хамгийн сайн хийж чадах гол ажлаа гүйцэтгэж, бусад ажлуудаа хамгийн сайн гүйцэтгэж чадах хүмүүсээр нь гүйцэтгүүлэх гэсэн зарчимд тулгуурласан бизнес. Мөн аутсорсингийн үйл явц ядуу буурай орнуудад шинээр ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх боломжийг олгон хүн амын амьдралын төвшинг дээшлүүлдэг юм байна.
Хэрэв аутсорсингоор ажиллах өндөр төвшний хүний нөөцийг бүрдүүлж чадвал монголчууд гадаадад гарч хүнд нөхцөлд, хөлс багатай ажил хийх нь багасч оюундаа тулгуурлан боломжийн амьдрах боломж нээгдэх гэнэ. Сургалтын хүрээнд мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой 1400 мэргэжилтнийг мэдээллийн технологийн, бизнесийн үйл ажиллагааны, мэдээллийн технологийн япон хэл гэсэн аутсорсингоор сургаж бэлтгэх юм байна. Мэдээллийн технологийн аутсорсингийн сургалтад компьютерийн мэргэжилтэй хүмүүс, бизнесийн үйл ажиллаагааны аутсорсингийн сургалтанд бүх төрлийн инженер, дизайнерууд, өргөдөл боловсруулах ажил эрхлэх сонирхолтой хүмүүс хамрагдах ажээ. Сургалтад хамрагдах хүмүүсийг www.outsourcing2mongolia.com сайтаар онлайн хэлбэрээр бүртгэж байгаа бөгөөд Мэдээлэл технологийн үндэсний паркын 103 тоот өрөөнд аутсорсингийн ажлын албан дээр суралцагчдад тавигдах нөхцөл шаардлагыг биелүүлж байгаагаа нотолсон бичиг баримттайгаа очиж бүртгүүлэх юм байна.
Мэдээллийн эх сурвалж: http://www.news.mn
No comments:
Post a Comment