Бидний 130-гаад Монголчууд 8-р сарын 25-ны өдрийн оройн 20 цагт Улаанбаатар өртөөнөөс Замын-Үүдийг чиглэн хөдлөв. Маргааш нь өглөөний 9 цагийн үед галт тэрэгнээс бууж урьдчилсан тохиролцсоноор Өвөр Монголын тал биднийг Замын-Үүдээс тосон авч гурван автобусанд хуваарилан суулгаж Ордосыг зорилоо. Очих замдаа төөрч шөнийн 02 цагт Ордост очлоо. Бас ч үгүй зайтай газар юм. Биднийг энд тэнд зочид буудлуудад тараан байршуулж буудалдаа ороод амрах гээсээр шөнийн 03 цаг болчихлоо.
Монголоос оролцсон баг тамирчдыг БТСГ-ын Нийтийн биеийн тамирын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Отгонбаатар ахалж, Спортын хэлтсийн мэргэжилтэн С.Эрдэнэтуяа ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа. 8-р сарын 26-ны өдөр оройн 21 цагт “Ордос-2” олон улсын спортын наадмын нээлт болов. Нийт 36 улс, БНХАУ-ын 14 мужийн баг, тамирчид оролцож байгаа юм байх нээлтэнд Монгол үндэсний онцлогийг илтгэсэн морин тэрэг, үндэсний хувцас гээд л Өвөр Монголчууд сэтгэл гаргаж, ач холбогдол өгсөн нь илт.
Монгол шатрын төрөлд оролцож байгаа бидэнд Ордос хотын дунд сургуулийн монгол хэлний багш Болдыг орчуулагчаар тохоон томилжээ. Болд багшаас Ордос хотын талаар багахан мэдээлэл авснаа дор сийрүүлье. Ордос хот Дун Шен болон Кан Ба Ши хэмээх хоёр том тойрог, долоон хошуунаас бүрддэг. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хөгжсөнөөр энэ хот бага ч үгүй баян, өртөг өндөртэй хот болон тэлж байгаа юм байна. Мөн ӨМӨЗО-ны зүүн хойд бүс нутгийн төв болгохоор хөгжүүлж байгаа гэнэ. Ордос гэдэг нь Олон ордон гэсэн үг. Энэ газарт дөрвөн ордон байрлаж байсан учир олон ордны олон тоогоор Ордос хэмээн нэрийдсэн юм билээ.
Бидний тэмцээн Дун Шен тойргийн Биеийн тамирын ордонд 8-р сарын 27-ны өглөө эхэллээ. БНХАУ-ын 13 муж, Монгол улс гэсэн нийт 14 багийн 42 тамирчин өрсөлдөх юм байна. Дүрмийн тухайд нийтийн шатраас багахан ялгаа л байна лээ. Сэлгээ хийхгүй, хүү зөвхөн нэг нүдээр нүүнэ, эхний нүүдэл е4 эсвэл d4 бусад бүх дүрэм нь ижил юм.
Эхний өдөр хоёр өрөг, дараагийн өдөр нь гурван өрөг, 30 болон 31-нд тус бүр хоёр өрөг тоглож нийт 9 өрөг тоглох хуваарь гаргасан байна. Цагийн хяналт нь талдаа 35 минут нүүдэл бүрт 20 секунд нэмэгдэнэ. Манай багийн ахлагчаар Спортын мастер Гончигдоржийн Чулуун, сурвалжлагчаар Спортын дэд мастер, 1994 оны өсвөрийн улсын аварга Чулууны Эрдэнэбат, тамирчнаар Олон улсын их мастер Базарын Хатанбаатар, Олон улсын шатрын холбооны мастер Нямаагийн Төвсанаа, Спортын дэд мастер Батболд[ын] Нямдаваа миний бие багтсан юм. Эхний хоёр өргөө бид гурав хожлоо.
Бидний тэмцээн болсон ордонд Нумт харваа /манайхаар бол хавчаахай/, тэвэг /бадминтоны талбай дээр хөлөөрөө өшиглөж тоглодог, бидний багад тоглодог байсан тэвэг/ монгол шатрын төрлийн тэмцээн болсон бөгөөд эхний өдөр Монголынхоо зарим тамирчидтай тэнд тааралдсанаас хойш буцах өдөр л уулзалдсан билээ. Жилдээ нэг тэмцээнд оролцдог миний хувьд жаахан төсөөрчихсөн, тэгээд дүрэм өөр болохоор нийтийн шатрын дүрмээрээ бодоод нэг л болж өгдөггүй эвгүй байлаа. Манай хоёр ч хэзээний мундагчууд юм болохоор ажирсан шинжгүй л үзээд байх юм. Маргаашийн гурван өргөөс манай хоёр зуун хувийн амжилт үзүүллээ. Би Ордосын Ван Хао гэдэг нөхөрт гуравдугаар өргөө хожигдчихлоо.
Ийн тоглосоор тэмцээн өндөрлөхөд Төвсанаа ах маань 8 оноотой түрүүлж, хоёр жилийн өмнө болсон анхдугаар наадамд мөн түрүүлсэн. Монгол шатрын дархан аварга гэдгээ нотлов. Хатанбаатар ах маань 7,5 оноотой мөнгөн медаль хүртэж, Ордосын Ли Бө 7 оноотой удаалав. Миний хувьд 6 оноотой 5-р байр эзэллээ. Багийн дүнгээр Монголын баг 8 оноотой тасархай түрүүлж, Ордосын баг 32, Шилийн голын баг 34 оноотой хоёр, гуравдугаар байр эзэллээ.
Санаа, Хатнаа ах маань гадны олон тэмцээнд тоглочихсон хур туршлагатай, тэмцээнд хэрхэн тоглож, хүчээ яаж хуваарилдгийг тэнд л жинхэнэ утгаар нь мэдрэв. Байнгын тоглолтгүй надад ч их зүйлийг ойлгуулсан даа. Тэмцээний хаалтын дараа Ордосын шатрын холбооны удирдлагууд бидэнтэй хамтран ажиллаж санал тавьж, энэ удаагийн тэмцээнд Монгол шатрын 14 аварга нь оролцсоныг онцлон тэмдэглээд оройн зоог урьсан билээ.
Маргааш өглөө нь 9 цагт болзсон газраа автобусанд сууж Эрээнийг зорьсоор Монголын баг, тамирчидтайгаа нийлэн нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.
Эх сурвалж:
Б. Нямдаваа, “Олон ордонд очсон тэмдэглэл,” Facebook, 04-Sep-2012. [Online]. Available: https://www.facebook.com/narsar.darhint/posts/440495352659921. [Accessed: 19-Oct-2012].
No comments:
Post a Comment